Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 21,351 тоннын нөөцтэй байна. Хоногийн үйлдвэрлэл, хоногийн хэрэглээтэйгээ ойролцоо түвшинд явж байгаа бөгөөд энэ нөөцөө гуравдугаар сар хүртэл хадгалаад явна гэдгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэллээ.
“Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт гал гарсан. Энэ нь нөөцөд нөлөөлөх эсэх талаарх мэдээллийг “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт, нэгдүгээр сарын 6-ны өглөө үүрээр баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн гуравдугаар шугамын хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон бусад мэргэжлийн шинжээчид дүгнэлт гаргаж байгаа.
Бидний зүгээс нэгдүгээр цехийн нэг, хоёрдугаар шугамыг ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөөд байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд төвийн зургаан дүүрэгт 617 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд түгээлт хэвийн явагдаж байна. Үйлдвэрт гарсан галаас шалтгаалан нийлүүлэлтэд асуудал үүсэхгүй. Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулж, тус үйлдвэрийн нийлүүлэлт нэмэгдсэн. Хоногт 3,200-3,600 тонн түлшийг нийслэлийн хэмжээнд түгээж байгаа. Шаардлагатай тохиолдолд амралт, баяр ёслолын үеэр нэмэлтээр түлш түгээж байна” хэмээв.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=938926610111044″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]