Баасан гаригийн өглөө 05 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч Онцгой байдлын газрын аврагчид галыг унтраасан байгаа. Үйлдвэрийн нэгдүгээр хатаах шугамд гарсан гал тус шугамыг ажилгүй болгож, ахин хоёр шугамыг гэмтээжээ.
Үйлдвэр 10 шугамтай бөгөөд одоо долоон шугам хэвийн ажиллаж байгаа юм байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй, хэвийн үргэлжлүүлэхийн тулд зүүн бүсийн үйлдвэрт нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж байгаа юм байна.
Тус компанийн зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийтдээ 3000-3600 тонн түлшийг өдөртөө үйлдвэрлэж нийслэлчүүдийнхээ хэрэглээнд нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар 640 цэгээс 3080 тонны захиалга ирсэн. Нийлүүлэлт ямар нэгэн тасалдал байхгүй явж байгаа талаар Тавантолгой түлш компанийн эх сурвалж мэдээлжээ.
Галын шалтгааныг Онцгой байдал болон Цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Үйлдвэрийн ажилтан 31 настай эрэгтэй нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгдсэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.