Өнгөрсөн оны 11-р сарын 26-нд Төв аймгийн Баянжаргалан сумын ЗДТГ-ын ажилчид төрийн албан хаагчдын баяр тэмдэглэхээр Тэрэлжид байрлах амралтын газар луу явсан байна. Энэ үед тухайн сумын засаг дарга тэргүүтэй 20 гаруй хүн явжээ. Төрийн албан хаагчид архидан согтуурсан байх үедээ нэг эмэгтэйг гурван эмэгтэй ажилтан нийлж зодон, хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ.
Энэ талаар хохирогч эмэгтэй Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Амралтад очоод бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Цагдаа шүүхэд гомдол гаргаагүй байгаа. Байгууллагын маань болон сум орон нутгийн минь нэр хүнд давхар яригдах байх гээд өргөдөл өгөхгүй байгаа. Гэр бүлийнхэн болон найз нөхөд маань өргөдөг, гомдлоо өгөх нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Зөндөө олон удаа эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаа ч бие дээрдэхгүй байгаа болохоор үнэхээр хэцүү байна” гэв.
Хохирогчийн ээжийн хэлж байгаагаар “Хөдөлмөр эрхлэх нь байтугай ганцаараа ч бие засаж чадахгүй хүнээр түшүүлээд явж байгаа. Өмнө нь ямар байсан тийм л болгож авмаар байна” гэлээ. Эмнэлгийн байгууллагаар явж оношлуулахад нуруу нугасандаа гэмтэлтэй, тархиндаа цус хуралттай гэж оношлогджээ.
Уг асуудлаар Баянжаргалан сумын засаг дарга тодорхой мэдээлэл өгөхгүйгээр барахгүй энэ хэрэг өөрт нь хамаагүй мэт хандлага үзүүлэв.