УИХ-ын Баасан гаригийн нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Цар тахал улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарт хүчтэй нөлөө үзүүлснээс боловсролын салбарт хамгийн ихээр нөлөөлсөн. Үүнээс үүдэн сурагчдад үүссэн хохирлыг тооцож барахгүй. Хэрэв хөл хориог боловсролын салбарт үргэлжлүүлбэл ирээдүйд амьдралын чадамж хүртээмж зорилгоороо бусад үеэс хоцроно гэдгийг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд дурдсан байна. Танхимын сургалт урт хугацаанд хаагдаж зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг дан ганц хичээл сургалтын хоцрогдол бус айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан нэгэн үеийн сүйрэл гэж Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО онцолж байсан.
Цар тахлын улмаас танхимын сургалтыг 2020 оны нэгдүгээр сараас бүрэн зогсоож хичээл сургалтыг хоёр жил зайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан.
Сурагчид 2019-2020 онд танхимаар хичээллэх нийт өдрийн 74 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувийг зайн болон цахим хэлбэрээр явуулсан. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн сурагчдын хоцрогдол 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд боловсрол 36 хувьтай байна. Тэд эзэмших ёстой мэдлэг чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшиж байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд уламжлалт танхимын сургалтад ашиглаж ирсэн сургалтын арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн өөрчлөх шаардлага гарч байна. Хүүхдийн амьдарч буй орчин, гэр бүлийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын хүртээмж тэгш бус байна. Тухайлбал, эрчим хүч, техник хэрэгслийн хүртээмжгүй байдлаас улсын хэмжээнд 178 мянган хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй. Энэ нь биднийг цахим сургалтаас гадна өөр хувилбартай болох ёстойг харуулж байна. Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг улсын хэмжээнд хийсэн судалгаанаас харж болно.
Багш нарын мэдээлэл харилцаан технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь сургалтын чанарт нөлөөлж байна. Эцэг эхчүүдээс цахим сургалт хангалтгүй байна гэдгийг шүүмжилж ирсэн. Эцэг эхчүүд бага ангийн хүүхэд анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар хангалттай төлөвшөөгүй учраас хүүхдүүд гэрийн орчинд хичээл хийхэд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна.
Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдана.
2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сард эхлүүлсэн. Танхим болон танхимын бусаар зохион байгуулсан. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд нэг хичээлийн жилийн хичээлтэй тэнцэхүйц хоцрогдол үүссэн. Дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой. Танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүйг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд. Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбар нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа.
Хуучин арга барилаараа давтлага өгсөөр байвал хоцрогдол арилахгүй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил ч багадаж магадгүй.
БШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх гурван жилийн буюу 2021-2023 оны төлөвлөгөө гаргасан. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно.