Мьянмарт өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд эрүүл мэндийн ажилтнууд улсын эмнэлгүүдийг бойкотлосон. Тэд эсэргүүцлийн жагсаалыг удирдаж, үүнийгээ “цагаан нөмрөгтнүүдийн хувьсгал” гэж нэрийдэж байв.
Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан хунтын дэглэмтэй зөрчилдөж буй нь илэрхий болж, үр дүнд нь эрүүл мэндийн тогтолцооны ихэнхи хэсэг нь далд болсон. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 70 хувь нь ажил хаяжээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ихэнхийг хувийн хэвшлүүд үзүүлж байна. Эдгээр хувийн хэвшлүүдэд Үндэсний эв нэгдлийн засгийн газартаа үнэнч эмч, сувилагч нар ажиллаж байна.
“The Lancet” нэртэй эрүүл мэндийн сэтгүүлд эмч нар захиа илгээжээ. “Эмч хүний үүрэг бол өвчтөнд үзүүлэх тусламжийг нэн тэргүүнд тавих явдал. Гэвч хууль бус, ардчилсан бус, дарангуйлагч цэргийн тогтолцоон дор хэрхэн үүргээ биелүүлэх билээ? Өмнөх 50 жилийн цэргийн дэглэм нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд дэвшил авчраагүй. Харин оронд нь ядуурал, тэгш бус байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний хомсдолыг л авчирсан. Бид энэ үе рүүгээ буцаж чадахгүй” гэж захидалд бичсэн байв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, дэлхий даяар эмч сувилагч нар халдлагад өртсөн тохиолдлын тал хувь нь Мьянмарт байна гэв. Манчестер их сургуулиас гаргасан судалгаанаас харахад Мьянмарт 25 эмч цэргийнхний гарт амиа алдаж, 190 нь баривчлагдаж, 55 эмнэлэг эзлэгдсэн байдалтай байна.