Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ.
Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа ч авлига нийгмийн түгээмэл асуудал хэвээр байгаа тул авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгон үндэсний хэмжээнд тэмцэх арга хэрэгслийг тодорхойлох бодлогын баримт бичиг шаардлагатай болсон. Тиймээс Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан боловч тодорхой бус шалтгааны улмаас буцааж, дараа нь мөн оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дахин өргөн барьсан юм.
Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын авлигын эсрэг хууль тогтоомж болон 48 улс орны авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсны зэрэгцээ хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, судлаач, мэргэжлийн байгууллагын саналыг авч тусгасан байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд 8 бүлэг, 11 зорилтыг тусгасан байна. Хөтөлбөр батлагдсанаар нийтийн алба, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, аудит, худалдан авах ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбар хүрээн дэх авлигатай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлсон.
Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг сахих, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь 2016-2019, 2020-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжиж байна. Авлигатай тэмцэх газар Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, үр дүнг товхимол хэлбэрээр гарган Улсын Их Хуралд мэдээлдэг.