2022 онд дараах улс орнуудад сонгууль болж, тухайн улс, бүсийн хувь заяа шийдэгдэх нь ээ.
Өмнөд Солонгос: Өмнөд Солонгосын иргэд энэ оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Мүн Жэ Инийхээ залгамж халааг сонгоно. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн дагуу нэг хүн нэг л удаа, 5 жилээр төр барих эрхтэй байдаг. Сонгуульд хэдэн арван хүн нэр дэвших ч засаглалын төлөөх жинхэнэ тэмцэл ерөнхий прокурор асан Юн Сок Ёл, Кёнги мужийн захирагч асан Ли Жэ Мён нарын дунд өрнөх төлөвтэй байна.
Франц: Францчуудын энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр үе шат хүлээж байна. Нэг нэр дэвшигч эхний шатны сонгуулиар олонхын санал авч чадахгүй бол нэгдүгээр шатны ялагч хоёр нэр дэвшигч хоорондоо өрсөлдөнө. Одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь удаагаа нэр дэвших сонирхолтой гэдгээ хэдийнэ илэрхийлсэн.
Түүнчлэн Үндэсний нэгдлийн тэргүүн Марин Ле Пен гурав дахиа нэр дэвшихээр болоод байна. Түүнчлэн Францын Ерөнхийлөгчид “Францын Трамп” хочтой нийтлэлч Эрик Земмур, Иль-де-Франс мужийн тэргүүн Валери Пекресс нар өрсөлдөхөөр төлөвлөж байна. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар нэрээ албан ёсоор дэвшүүлээгүй байгаа Макроныг 25% нь дэмжсэн бол үлдсэн нэр дэвшигчид 15% хувийн саналтай явна.
Унгар: Унгарын эрх баригч «Фидес» намын тэргүүн Виктор Орбан 2010 оноос хойш тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэрбээр Унгарыг Европын холбооны бүрэлдэхүүнээ хэвээр үлдээхийг дэмждэг нэгэн юм. Хэдийгээр тус улсын Ерөнхий сайдыг шүүмжлэгчид цөөнгүй, Орбаныг ардчиллын зарчмыг зөрчдөг гэдэг ч тэрбээр парламентын сонгуульд дахин өрсөлдөх гэж байна. Түүний эсрэг сөрөг хүчний 6 нам нь нэгдэж, эвсэл үүсгэсэн болохоор ирэх сонгууль түүнд хатуухан боорцог байх биз ээ.
Филиппин: Филиппиний Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн Родриго Дутерте дахин нэр дэвших эрхгүй. 2016 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байгаа тэрбээр охин Сарагаа Ерөнхийлөгч болгохыг хүсдэг, ялах боломж ч байгаа гэдгийг нуудаггүй. Бусад алдартай нэр дэвшигчдээс нэрлэвэл тус улсын дарангуйлагч асан Фердинанд Маркосын хүү бага Фердинанд Маркос, боксын дэлхийн аварга Мэнни Пакьяо, одоогийн дэд ерөнхийлөгч Лени Робредо, Манила хотын дарга Иско Морено, сенатч Панфило Лаксон нар өрсөлдөж байна.
Сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд 10 сонгогч тутмын 7 нь Маркосыг дэмжиж байгаа бол хоёрдугаар Робредо 11%-тай явна. Дутертегийн охин Маркостой сонгуульд хамтран оролцож байгаа бөгөөд түүнийг ялбал дэд ерөнхийлөгч болох аж.
Австрали: Австралийн Ерөнхий сайд, барууны төвийн Либерал намын тэргүүн Скотт Моррисон парламентын сонгууль явуулах хугацаагаа товлоогүй байгаа ч энэ хавар болох нь тодорхой байна. Либерал үндэсний эвсэл 4 дэх удаагаа дараалан парламентад олонх болно гэж найдаж байна. Сөрөг хүчний Лейборист нам, түүнийг тэргүүлдэг Энтони Албанезе нь ялагдах сонирхолгүй, 2013 оноос хойш анх удаа засгийн эрхийг авна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Колумб: Энэ улсад сонгогчид хоёр ч удаа сонгуульд оролцоно. Тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болох бол сүүлд нь парламентын сонгууль болох юм. Одоогийн төрийн тэргүүн Иван Дуке 4 жил төр бариад байна.
Одоогоор тэрбээр тийм ч нэр хүндтэй нэр дэвшигч биш, рейтинг нь 75 хувиар унасан байдалтай байна. Үүний гол шалтгаан нь ажилгүйдэл нэмэгдэж, улс оронд тэгш бус байдал өссөнөөс болсон хүн амын дургүйцэл. Дукегийн гол өрсөлдөгч, сенатч Густаво Петро Колумбын зүүний үзэлтэн анхны төрийн тэргүүн болох магадлал өндөр байна.
Ангол: Африкийн энэ улсад болох бүх нийтийн сонгууль 38 жил төр барьсан Ерөнхийлөгч Жозе Эдуарду душ Сантуш 2017 онд тэтгэвэртээ гарснаас хойш явагдаж байгаа хоёр дахь сонгууль. Душ Сантушийн тавиул гэгддэг Жуан Лоренсу дахин сонгогдохыг зорьж байна. Эх оронч фронт түүний эсрэг Адальберто Косты Хуниораг нэр дэвүшүүлсэн байна. Лоренсу Анголын төрийн тэргүүн болохдоо авлига, ядууралтай тэмцэнэ гэж байсан ч Ангол улс эдгээр асуудлаасаа салж чадаагүй л явна.
Бразил: Бразилчууд өнөө жил шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, конгрессоо сонгоно. Одоогийн төрийн тэргүүн Жаир Болсонару хоёр дахь 4 жилийнхээ төлөө өрсөлдөх гэж байна. 2019 онд тэрбээр намаасаа гэнэт л цойлон гарч ирсэн юм. Тус улсын хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигч аль нэг улс төрийн нэгдэлд харьяалагдах ёстой болохоор Болсонару төвийн Либерал намд элссэн юм. Түүний гол өрсөлдөгч нь 2017 онд авлигын хэрэгт орооцолдсон экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва гэнэ. Лула да Силва хорих ял эдлээгүй юм.
АНУ: Ирэх арваннэгдүгээр сард Америкт завсрын сонгууль болно. Сонгогчид АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим, Сенатын гишүүнд нэр дэвшигчдээс сонгоно. Энэ оны эхний байдлаар бүгд найрамдахчууд тасархай тэргүүлж байгаа аж.
Эх сурвалж: КР