Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан юм.
Мөн энэ талаарх мэдээллээ “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсан билээ. Уг шийдвэрийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж, шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, “Дархан бэр хэмээн өргөмжилж буй энэхүү шийдвэрийн цаана уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдлыг үүсгэх, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж болохыг анхааруулж, цаашид энэ төрлийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “Шаардлага”-ыг хүргүүлж байна” гэжээ. Шаардлагад
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа нэн даруй хүчингүй болгох;
- Нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөллийг тооцдог байх, цаашид хүнийг хүйсээр ялгаварласан, жендэрийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр гаргахгүй байхад онцгой анхаарах;
- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах;
- Цаашид орон нутагтаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйст суурилсан ялгаварлан гадуурхсан аливаа санал, санаачилга, арга хэмжээг уриалах,дэмжих, зохион байгуулахгүй байхад анхаарах;
- Төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар үр дүнгүй ажилд зарцуулахгүй байхад анхаарч, орон нутагтаа жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд аюулгүй өсөх, хөгжих орчин нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хүртээмжтэй, чанартай, хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллах;
Энэхүү шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор ирүүлнэ гэсэн байна.
Комиссын зүгээс цаашид орон нутгийн хэмжээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тогтоол, шийдвэр гаргасан эсэхийг нягтлан шалгах талаар аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэв.
Мөн өчигдөр дээрх үйл явдалтай холбоотойгоор Жендэрийн үндэсний хорооноос мэдэгдэл гаргасныг бид мэдээлсэн билээ.