Монголын хөрөнгийн бирж (МХБ) ТӨХК, Улаанбаатар үнэт цаасны бирж (УҮЦБ) ХК (хуучнаар Монголын үнэт цаасны бирж) болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд болох Digital Assets Exchange (DAX), Coinhub, Trade.mn нар хамтран Монголын биржүүдийн нэгдсэн холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа.
МХБ, УҮЦБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд уг холбоог үүсгэн байгуулж, гишүүнээр элссэн нь энэхүү холбооны онцлох зүйл болж байна.
Цаашлаад МБНХ үүсгэн байгуулагдсанаар хөрөнгийн зах зээлийн шинэ хуудсыг нээж, уламжлалт хөрөнгийн зах зээл болон технологид суурилсан криптовалютын зах зээлд чухал нөлөө үзүүлж, хөгжил дэвшилд нь түлхэц болж явах юм.
Мөн олон улсын бусад биржүүд Виртуал хөрөнгийг арилжааг идэвхтэй явуулж байна. London Stock Exchange 2019 он, New York Stock Exchange 2018 он, Nasdaq Stock Exchange 2019 он, Six Swiss Exchange 2019 оноос эхлэн амжилттай арилжаа явуулж ажиллаж байна. Монголын хөрөнгийн зах зээл ч энэ хөгжлөөс хоцрох эрхгүй.
Түүнчлэн уг холбоо нь төрийн эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой юм.