Шингэрүүлсэн хийн үнийн огцом өсөлтийг эсэргүүцэж нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн жагсаал Казахстаны хотуудыг хамарч, эмх замбараагүй байдал үүсээд байна. Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Мангистау мужийн хотоос эхлэлтэй жагсагчдын шаардлагыг биелүүлж тус улсын Засгийн газар огцорч, эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг бууруулахаа мэдэгдсэн ч жагсагчид тайвширсангүй.
Нэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Алматы хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлджээ. Казахстаны Ерөнхийлөгч өчигдөр үймээний үеэр шархадсан, амиа алдсан хүмүүс байгаа, үймээн самууныг сайтар төлөвлөсөн байна хэмээн мэдэгджээ.
Жагсагчид Алматы хотын захиргааны байр луу дайрч, орж ирснийхээ дараа гал тавьсан байна. Захиргааны байрны хоёр давхрын цонхоор дөл гарч, өтгөн хар утааны үүл харагдаж, байшин бүхэлдээ утаатай байгаа талаар Интерфакс-Казахстан агентлагийн сурвалжлагч хэргийн газраас мэдээлж амжижээ.
Хотын захиргааны байр руу халдах ажиллагаа үргэлжилж, автомат бууны чимээ гарч, жагсагчид хажуугаар өнгөрөх машинуудыг зогсоож, хүмүүсийг татан гаргаж байгааг, ослын газарт гал сөнөөгчид харагдахгүй байгаа мэдээллийг ч сурвалжлагч нар дамжуулсан байна. Жагсагчид ойролцоогоор орон нутгийн цагаар 20:30 цагт Алма-Ата хотын нисэх онгоцны буудлыг эзлэн авав. Тэд нисэх онгоцны буудал руу нэвтэрч, дотоод терминал болон Duty Free-ийг эвджээ.
Олон тооны жагсагчид цэргийн албан хаагчдыг зодож, гудамжинд нүцгэн авч явж, эмэгтэйчүүдийг доромжилж, дэлгүүр дээрэмдсэн тохиолдол ч гарчээ. Энэ байдал Алматы хотын бүх оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнийг бид тэвчиж болохгүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Токаев үймээнийг гадаадад ноцтой бэлтгэл сургуулилтад хамрагдсан террорист бүлэглэлүүдийн үйлдсэн халдлага түрэмгийлэл хэмээн үзсэн байна.
Тус улсад нэгдүгээр сарын 19-нийг хүртэл Нур-Султан, Алматы хот, мөн Мангистау, Алматы мужуудад хөл хорио тогтоожээ. Хотын захирагч Бакытжан Сагинтаев хотын нөхцөл байдлыг хяналтандаа авч, үймээн дэгдээгчдийг илрүүлэн саатуулж байгаа тухай мөн мэдэгджээ. Алма-Ата хотын комендантаас хотын төвд хэв журам сахиулах ажиллагаа үргэлжилж байгаа тул хотын иргэдийг явган явахгүй байхыг уриалаад байна.