Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
С.Энхболд: ДЭМБ Омикрон хувилбарыг бүртгэснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдээд байна. Энэхүү хувилбарын халдварлах чадвар маш өндөр, хурдан тархаж байгаа. Голлох шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэргээр илэрч байгаа. Энэ нь амьсгалын дээд замын буюу томуу төст өвчинтэй адил шинжтэй.
Манай улсын хувьд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байгаа. Энэ нь шинэ жилийн арга хэмжээ, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш хилийн тандалтыг эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар буюу Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш 104 онгоцоор 10,544 зорчигч ирсэн. Тэднээс 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, батлагдсан.
Эдгээр тохиолдлууд дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчийн 231-ээс нь халдвар илэрсэн. Тэдний 96 хувь нь хөнгөн, үлдсэн 4 хувь нь хүндэвтэр хэлбэртэй байна. Манай улсад вирусийн хувилбар тогтоох зорилгоор геномын дараалал тогтоодог аппаратыг арванхоёрдугаар сард суурилуулсан. Ингээд өнгөрсөн сарын 20-ноос шинжилгээ хийж эхэлж байгаа. Эцсийн хариу нь гараагүй байна. Тодорхой үе шаттай хийгддэг учир шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Мөн 10, 11, 12 дугаар сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг тодорхойлохын тулд тус улс руу сорьц илгээж байсан. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ. Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж зарлаж байсан. Энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг дараагийн шатны шинжилгээгээр геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулна. Энэ явц нь хийгдэж байгаа” гэлээ.