Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож танилцжээ. “Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болжээ.
Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй юм.