Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ипотекийн зээлд сангаас мөнгө гаргах боломжтой болж буй талаар албаныхан мэдээлж байсан. Тэгвэл холбогдох журам бэлэн болсон эсэх талаар Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг:
“Зээлийн батлан даалтын сан нь хуулиараа зөвхөн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ипотекийн зээлд батлан даалт гаргах боломж бүрдсэн.
Өмнө нь энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагүй учраас журамд өөрчлөлт орох гэхээс илүүтэйгээр ипотекийн зээлтэй холбоотой шинэ журмыг батлуулах ёстой. Үндсэн журамд нэг, хоёр өөрчлөлт орох байх. Энэ долоо хоногт Барилга, хот байгуулалтын яамныхантай уулзаж, зээл олгох зорилтот бүлгийн талаар ярилцах тул журам ирэх долоо хоногоос илүү тодорхой болно” гэлээ.