Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсын засгийн газар бензин, шатахууны үнийг чөлөөлсний улмаас үнэ нь нэг шөнийн дотор бараг хоёр дахин өссөн байна.
Өмнө нь тус улсын эрх баригчид олон жилийн турш шатахууны үнийг хүчээр тогтоож ирсэн юм. Гэвч цаашдаа үнэ тарифыг хатуу тогтоох боломжгүй болсныг тэд тайлбарлаж байв.
Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн тэргүүлдэг улсуудын нэг юм.
Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл тус улсын газрын тосны томоохон төв болох баруун өмнөд Мангистау мужид эхэлж, сүүлдээ Казахстаны бусад бүс нутгуудад таржээ.
Өмнөд бүсийн нийслэл Кызылордад өчигдөр тэмцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээ ирж байна.
Казахстаны хамгийн том хот Алматыд мөн олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн үүсжээ. Иргэд цагдаагийн хэд хэдэн автомашиныг галдан шатаасан нь сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгээс харагдаж байна.
Цагдаа нар тэмцэгчдийг тараахын тулд хүчтэй дуу, хурц гэрэл гаргагч гранат ашигласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Өчигдөр орой Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр зөрчил мөргөлдөөнөөр бус, яриа хэлэлцээгээр асуудлаа шийдэхийг иргэдэд уриалж, үймээн анх дэгдсэн Мангистауд нэг литр бензиний үнийг 50 тэнгэгээс ($0.11) хэтрүүлэхгүй байх түр хязгаар тогтоож байгаагаа зарлажээ.
Лхагва гарагт болох засгийн газрын хуралдааны үеэр тэмцэгчдийн тавьж буй шаардлагын талаар хэлэлцэхээ Токаев амласан байна. Мөн Алматы хот болон Мангистау мужид онц байдал тогтоох шийдвэр гаргажээ.