УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.01.04) хуралдаан дээр гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүртээмж, шалгуурын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс асууж тодрууллаа. Экспорт, импортыг дэмжих дэд бүтцийн хүртээмж, үүнээс улбаалан иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд учраад буй хүндрэлийг шийдвэрлэх чиглэлээр баримтлах бодлого, мөн цогц хөтөлбөрийн хүртээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар Б.Энхбаяр гишүүн тодруулсан бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бололцоо, шийдлийн талаар асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Малчидтай уулзахад нэг малчин надад хуурай агсан тавьж байсан. Та нарын амласан юм хаана байгаа юм, манай сумаас нэг ч хүн тэр малчны зээлээс чинь авсангүй гэж хэлж байсан. Би Хөдөө аж ахуйн сайдтай ч ярьсан, Монголбанкны Ерөнхийлөгчтэй ч ярьсан. Бүгдээрээ бие бие рүүгээ чихээд л нэг нь болохоор Хөдөө аж ахуй мэднэ гээд, нөгөө нь болохоор Монголбанк мэднэ гээд явж байгаа.
Иргэдийнхээ, аж ахуйн нэгжийнхээ зовлон жаргалыг Засгийн газар өөрсдөө л сонсож, өөрсдөө энэ бодлогоо барих ёстой. Мөнгө өгч байгаа газар бол мэдээж мөнгөө алдчихгүйн тулд хяналтаа тавих нь зөв. Өөрөө хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгч нь аваад явах нь зүйтэй байх.
Гэхдээ яг бид нарын асуултад, яг бид нарын хүсээд байгаа зүйл дээр Засгийн газрын бодлогын хүрээнд та нар өөрсдөө хариултаа өг л дөө. Орон нутагт зээлийн хүртээмж бага байна, эзнээ олохгүй гээд байгаа гээд яриад байна.
Сая Монголбанкнаас хэлэхдээ банкууд хуучин харилцагчаа мэддэг болохоор тэд нартаа өгч байгаа гээд бараг хэлчихлээ. Яг ийм асуудал л орон нутаг дээр яригдаад байгаа юм. Боломж бололцоотой, банктай харилцдаг хэдэн аж ахуйн нэгжүүд тэр зээлийг чинь аваад бусад нь бараг хамраараа газар наагаад сууж байна. Гол нь тэд нар луу бид очиж, тэднийг эдийн засгийн энэ хүнд нөхцөлд өргөх гээд байгаа биз дээ. Энэ бодлогоо барь л даа хэмээн мэдэгдсэн бол
Зээлийн хүртээмжийн талаарх асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зээл нь ихээхэн шүүмжлэл, хардалт дагуулж байсан гэдгийг тэмдэглээд “2 их наяд төгрөгийн зээлийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч хүчин чадал хүрэхгүй гэдэг үндэслэлээр арилжааны 12 банкыг татан оролцуулсан.
Төсвөөс 67 тэрбум төгрөгийг татаас зарцуулсан бөгөөд нөгөө талд 1 их наяд 952 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаас гаргаж чадсан. Харилцагчдад 3 хувийн хүүтэй зээл очсон. 1.6 их наяд төгрөгийн зээлийг шинээр, 4317 зээлдэгчийн 271 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн” гэлээ.
208 зээлдэгч Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулсан ба 28 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Систем дээр эргэлдэж буй хөрөнгийн тэн хагас нь зээлийн багц гэдгийг тэрбээр онцлоод, дээрх хэмжээний зээл нь систем дээр эргэлдэж байгаа нийт зээлийн талбарт хүрч, хөрвүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг өглөө.
Хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн ч 494 тэрбум төгрөгийн буюу 98 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэлж байсан. Зээл олголтын гол асуудлыг салбарын яам хариуцсан, арилжааны банкуудтай гэрээ хийх байдлаар олгосон. Зээлийн эрсдлийг арилжааны банкууд даана гэдэг утгаараа банкны үндсэн зарчмыг баримталсан бөгөөд төрийн зохицуулалтаар нэг ч төгрөгийн зээл олгоогүй, 100 хувь банкны системээр дамжсан гэв.