НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн баг хамт олон 2020 оны наймдугаар сараас эхлэн байгууллагадаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартуудыг хэрэгжүүлэн, нэвтрүүлэхээр ажиллаж ирсэн. Тус хамт олон зорилгодоо хүрч, дээрх стандартуудыг нэвтрүүлэн өчигдөр “Баталгаажуулалтын гэрчилгээ”-гээ гардан авлаа. Ингэснээр тус төв нь Монгол Улсын хэмжээнд олон улсын ISO 21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны төрийн байгууллага, боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг хоёр дахь байгууллага болж буйгаараа онцлог юм.
Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх нь урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөнөөс үл хамааран үйл ажиллагааны процесс хэвийн үргэлжлэх, процессыг тасралтгүй сайжруулах, төрийн албан хаагчдад чанартай мэдлэг, дадал, ур чадвар олгох чухал ач холбогдолтой юм. Энэхүү стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн албан хаагчид болон Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн баг хамт олон тусалж дэмжсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС