Шинэ гарч байгаа 2022 он бол крипто валютын хувьд агуу өөрчлөлтийн жил байх болно. Биткойн байр сууриа алдаж, бүрэн хэмжээний дижитал юань гарч ирнэ гэж Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн зах зээлийн газрын дарга Константин Ордов мэдэгджээ.
Ордов ОХУ-ын Төв банк 2022 онд дижитал рублийн туршилтад шилжихээ амлаж байгааг мэдэгдээд энэ бол Оросын эдийн засагт чухал бөгөөд ирээдүйтэй төсөл болно. 2022 онд бид дижитал юанийн бүрэн ажиллагаанд орохыг харж болно. Туршилтын төслүүд амжилттай хэрэгжиж байна хэмээн ярьсан байна.
Хятадын Ардын Банкнаас гаргасан дижитал валют болох Дижитал юань (DCEP) нь блокчэйн технологид суурилсан. Дижитал юанийн төлбөрийг гар утасны программ ашиглан хийдэг. Энэхүү систем нь БНХАУ-ын өөр өөр хотод хийгдсэн туршилтын хэд хэдэн үе шатыг амжилттай давсан бөгөөд хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпийн үеэр олон нийтийн дунд туршихаар төлөвлөж байна.
“Дижитал юань” ашиглан хийх төлбөр тооцоог хяналттайгаар мөн нэрээ нууцлах зарчмын үндсэн дээр хийнэ. Жижиг шилжүүлгийн хувьд утасны дугаараар дамжуулан зөвшөөрөл авах шаардлагатай, их хэмжээний гүйлгээ хийх бол KYC (Know Your Client) процедурыг ашиглан хэн болохыг баталгаажуулан хийх шаардлагатай.
Олон арван улс орон дижитал мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргах хүсэлтэй байгаагаа хэдийнэ мэдэгдээд байна. 2021 онд Нигерийн Төв банк Африкт анхны дижитал валют болох eNaira-г гаргажээ. Африкийн үндэсний дижитал мөнгөн тэмдэгтүүдэд итгэхэд хэцүү байдаг.
Гэсэн хэдий ч хөгжингүй эдийн засаг, хууль эрх зүйн тогтолцоо нь валютын ард байх ёстой. Хэрэв бид үндэсний дижитал мөнгөн тэмдэгтүүд улам бүр түгээмэл болж буй крипто валюттай өрсөлдөх тухай ярьж байгаа бол өнөөг хүртэл зөвхөн хориглох арга хэмжээнүүдийг л авч байна. Хязгаарлалт нь улсын мөнгөн тэмдэгтэд давуу тал бий болгож байгаа ч энэ нь удаан үргэлжлэх боломжгүй гэдгийг Константин Ордов анхааруулжээ.
Эх сурвалж: RIA