Хүний амь аварсан 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг гардуулжээ.
2021 оны аравдугаар сард сурагч хүү галын аюулаас эрдэнэт хүний амь нас аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэб сайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад 33 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Т.Эрдэм ийм сайхан буянт үйлсийн эзэн болсон байна.
Өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшуулжээ.
Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг гэж ярьж байлаа. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдсан.
Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой хэмээн БШУЯ-наас мэдээллээ.