Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн тухай хэлэлцлээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдээс 2020 онд баталсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь өнгөрсөн хугацаанд дээрх журмаар төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ажилласан. Гэвч журмын зарим зохицуулалт тодорхой бус, журмаар зохицуулаагүй харилцааг хэрхэн шийдвэрлэх зэрэг бэрхшээлтэй асуудлууд тулгарч буй тул зарим заалтыг өөрчлөн найруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Журмын шинэчилсэн найруулгад төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгосны төлбөр, баримт бичгийн үнэтэй холбоотой зохицуулалтыг шинээр нэмжээ.
Улмаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нийт зарласан энгийн хувьцаанаас нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 950 мянган ширхэг хувьцааг нэмж гаргах замаар нэмэгдүүлж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1 тэрбум төгрөгөөр тогтоов. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дүрмийн шинэчилсэн найруулгыг мөн баталлаа.