Шинэ жилийн баярын өдрүүдэд онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, яаралтай түргэн тусламжийн төв зэрэг шуурхай алба өндөржүүлсэн бэлэн байдалд албаа гүйцэтгэнэ.
Онцгой байдлын газар баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Харин Цагдаагийн байгууллагын тухайд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллах бөгөөд гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажиллахаар болжээ.
Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвийн алба хаагчид “24/48” хуваариар гурван ээлж тасралтгүй ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 42 эмнэлгийн баг ажиллах төлөвлөгөөтэй байгаагаас гадна ачаалал ихэсвэл нэмэлтээр 2-3 баг гарна гэж албаны хүн мэдээллээ. Нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд дүүргийн мэс засал, дотор, хүүхдийн тэргүүтэй тасгууд 10:00-15:00 цагийн хооронд, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлэг 09:00-15:00 цагийн хооронд, өрхийн эмнэлгүүд нэг эмч, нэг сувилагчтай 10:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь тус тус гарчээ.