Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, энэ оны ажлаа дүгнэн тайлагнаж, тэргүүний болон шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2021.12.27/ Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгууллаа.
Энэхүү тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид танхим болон цахим хэлбэрээр оролцсон юм.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ:
Эрхэм офицер, ахлагч, ажилтан, алба хаагч, энд хүрэлцэн ирсэн зочид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2021 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын нөхөн сонгууль, Коронавируст халдварын цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм сахиулах, хэв журмын хамгаалалт, зохицуулалт гээд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, нэлээдгүй ачаалалтай ажилласан.
Улиран өнгөрч буй энэ он бидний хувьд олон сайхан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он жил байлаа. Тухайлбал, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпын гучин хоёрдугаар наадмаас медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Үйлчилгээний гавьяат ажилтнууд, ахмад ажилтнуудаас Гавьяат хуульчид олноор төрөн гарсан билээ.
Энэ мөчид Монгол Улсын өнцөг булан бүрээс цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид маань цахимаар холбогдон оролцож, оны ажлаа дүгнэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, хамт олноо манлайлсан тэргүүний болон ажил мэргэжлийн аварга, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагналыг гардууллаа. Нийт шагнагдсан алба хаагчдадаа Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлүүлэлт өсөж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван аюулгүй, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд Та бүхний ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын төр засгаас бидний ажиллах нөхцөл бололцоог хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг нь энэ онд 650, ирэх 2022 онд 568 алба хаагчийн орон тоог нэмэгдүүлэн шийдвэрлэж, цахим бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлснээр бид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд цаг хугацааг хэмнэх, дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд ач холбогдолтой ажил болсон билээ.
Цагдаагийн байгууллагын түүхийн шинэ зууны эхлэлийн өнөө үед бид үйл ажиллагаагаа дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй улс орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын түвшинд хүргэх, инновац, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийг чухалчлах нь зүйтэй.
Цаашид бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бодлого, стратеги хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж, ололт амжилтаа улам бататган, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах болно.
Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань удахгүй тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн болон Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэлмий тунгалаг, сонор хурц, алдар суу нь бадарч явах болтугай хэмээв.