Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан.
“Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж, генийн банк, генетик оношилгооны лаборатори байгуулах нь ач холбогдолтой”
Тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан.
Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх нь иргэн бүрийн ялангуяа гэрлэгчдийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Монгол үндэсний угийн бичгийн өв уламжлалыг сэргээх зорилгоор 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөхийг нийт иргэдэд уриалсан. Үүнээс хойш Засгийн газраас 1997 онд Угийн “бичиг хөтлөх журам” гаргаж, 2007 онд тус журмыг шинэчлэн батлуулж, мөрдөж байна. Хэдийгээр угийн бичиг хөтлөн, биет бус өвийг уламжлан үлдээх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй ч төдийлөн хангалттай биш байна.
Угийн бичиг хөтөлж удам судраа мэдсэнээр цус ойртолт, удамшлын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад бие эрүүл, ухаан саруул монгол хүнийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой билээ.
Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсийн асаргаанд улсын төсвөөс жилд 15.2 тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа бий.
Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бид халамжид зарцуулах төсвөө эрүүл монгол хүнийг бүтээхэд зарцуулах бүрэн боломж байгааг үүгээр харуулж байна.
Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж шаардлагатай генетикийн судалгааг хийх, генийн банк байгуулах, хадгалах, генетик оношилгооны лаборатори байгуулах асуудлыг шийдсэнээр аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж тогтоох, тухайн шинж чанарт чиглэгдсэн оношилгоо, эмчилгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, монгол хүний бие махбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбарын эхлэл тавигдаж, генетикийн шинжлэх ухааны хөгжлийн суурь тавигдах онцгой ач холбогдолтой юм” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал”, “Хүний генетикийн оношилгоо, эмчилгээний хууль тогтоомж, хэрэгцээ, шаардлага”, “Угийн бичиг хөтлөх журмын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр холбогдох байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, судалгаа, мэдээллээ солилцов.
Тухайлбал, эмгэг судлаач, генетикч, хүний их эмч, Герман улсын Халле-Виттенбергийн их сургуулийн судлаач эрдэмтэн Б.Сэвжидмаа хэлэлцүүлэгт Герман улсаас холбогдож, “Удмын сангийн мэдээлэл түүний ач холбогдол” сэдвээр сонирхолтой мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.