Улсын онцгой комиссын/УОК/ шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Тэгвэл гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.
Энэ талаар УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана. Үүнд албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээсээ уучлалт хүсье. Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан.
Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан. Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан нь 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргүүдээс Covid-19 халдвар илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна” гэв.
1 comment
Ажил нь ургашаа явахаа бсг хариуцлага алдсан доод шатны ажлаа хийж чадахгүй бга нөхөөснүүдээ зайлуулаач