УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.12.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахын өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Т.Доржханд, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 430 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн шиг санаж байна. Дээр нь Зээлийн хэлэлцээрийн хүрээнд 100 сая долларын санхүүжилт хийвэл таван жил орчим хугацаанд нийт 800 орчим тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулах нь ээ. Их хэмжээний мөнгө тусгаж байна. Гэхдээ үр дүн чухал. Өмнө нь АХБ, Дэлхийн банкны санхүүжилттэй олон төсөл хэрэгжсэн ч үр дүн гараагүй. Ганц асуудал байна. Тогтвортой, тууштай биш солигддог. Дарга нар нь нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй.
Улаанбаатар жижигхэн хот шүү дээ. Дэлхийн том хотуудтай харьцуулахад алхаад явах боломжтой. Явган хүний замуудыг тэлмээр байна. Унадаг дугуйн замуудыг нэммээр байна. Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна. Японд сайд нар нь метрогоороо явдаг, сайдын машин гэж байхгүй. Өглөө 06 цаг зүүрмэглээд л явдаг, оройтвол таксидаад л харьдаг шүү дээ. Гэтэл манай сайд нар дохиолол хангилуулаад явдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ. Гаднаас олон улсын байгууллагынхан ирээд “Ямар муухай юм бэ, энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гээд явдаг. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлье. УИХ-аас чиглэл өгье, сайдаасаа эхлээд бүгдээрээ нийтийн тээврээр явъя, унадаг дугуйгаар эсвэл алхая. Ингэж байж энэ төсөл хэрэгжинэ, хөдөлнө” гэлээ.