Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 төрлийн үйлдвэр, үйлчилгээ явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон.
Иргэддээ орлого олох боломжийг нээх зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгч байна.
“Иргэд тухайн үйл ажиллагаагаа явуулах шаардлагаа хангасан гэж үзэж байвал үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой. Эдгээр үйлчилгээг явуулахад шаардагдах шаардлага, шалгуурыг нээлттэй тавина.
Шалгуураа хангасан иргэн Улаанбаатар цахим системээр хүсэлтээ явуулна. Хүсэлтийг тав хоногийн дотор авч үзээд, газар дээр нь очоод зөвлөн туслаад дэмжинэ. Иргэд хүсэлтээ явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно.
Архи тамхи нь хуулиар зохицуулагддаг тул худалдах иргэд заавал зөвшөөрөл авна. Жишээ нь караоке эрхлэх гэж байгаа хүн дүүрэгт очих шаардлагагүй цахимаар бүртгүүлэхэд хангалттай. Харин камерын зохицуулалт хуультай тул зөвшөөрөл авах шаардлагатай.
Гэхдээ эдгээр зөвшөөрлийг илүү хялбараар олгодог болгохоор ажиллаж байна. Согтууруулах ундаагаар үйлчлэхтэй холбоотой зөвшөөрлийг авах ёстой гэж хуульд заасан ч хэрхэн олгохыг заагаагүй тул хялбаршуулах боломжтой” гэв.