Монгол Улсын Үндэсний номын сан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Тайваний үндэсний төв номын сантай хамтран “Тайван дахь Эрдэнэс” үзэсгэлэнг толилуулах гэж байна. Тайвань дахь Хааны ордон музей нь Дундадын эзэн хаад зуун зуун жил дамнан цуглуулсан эрдэнэс байдгаараа дэлхийд алдартай бөгөөд түүний дотор Монгол түүх соёл, төрд хамаарах данс бичиг, уран зураг, Монголын шашин төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд өлгийн олон нандин зүйлс арвин байдаг.
Тайваний Үндэсний төв номын санд монголчуудын явдал түүхийг тэмдэглэн үлдээсэн олон зуун нангиад сурвалж бичиг байдгийг төдийлөн ярьдаггүй.Тиймээс Тайваний Үндэсний төв номын сангийн хөмрөг дэх сурвалж бичгүүдээр хоёр дахь удаагаа үзэсгэлэн зохион байгуулах гэж буй юм байна. Тус үзэсгэлэн нь нангиад сурвалж бичгүүдээс гадна хаан хатдын хөрөг, уран зураг, чулууны дардас гээд үндсэн дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа аж. Энэ удаа өмнө дэлгэгдэж байсан судар бичиг, чулууны дардсуудаас гадна Дай Юан, Дай Мин, Дай Чин улсын үед зохиогдсон шастир бичиг, түүх намтар, газар зүй, аян замын тэмдэглэл, хууль цаазын бичгийн 30 нэрийн 57 ном, мөн 16 уран зургийн факсимили хуулбарууд шинээр үзэсгэлэнд тавигдах юм байна.
Монголын нууц товчоо, Сударын чуулганы адил Монголын гол гурван тулгуур бичгийн нэг болох Юан Ши буюу Юан улсын судар мөн 1234-1322 оны хоорон дахь Их Монгол улсын шүүхийн эрүү иргэний хэргийн эмхэтгэл болох Юан Динжан буюу Юан улсын нэвтэрхий хуулийг дурдаж болно.
Хааны ордон музейд нийт Монголын 8 их хаан, 13 хатны хөрөг зураг байдгаас манай үзэсгэлэнд 8 хаан, 8 хатны хөргийг дэлгэх юм. Тус хөргүүд нь хаан хатдын дүр төрхийг жишиж зурах зориулалттай, Их Монголын таван өнгөт улсад илгээдэг байсан загвар зургууд байсан гэдэг. Тиймээс эдгээр нь их хаан хатдын үнэн бодит дүр төрх мөн бөгөөд тэр үеийн язгууртнуудын үс гэзэг засал, дээл малгай, ээмэг зүүлт тэргүүтнийг мэдэж болох чухал судалгааны хэрэглэгдэхүүн билээ.
Авд мордож араатан намнах, шонхор тавьж шувуулах явдал морьтон монголчуудад биеийн тамираа сэргээдэг цэнгэл зугаа төдийгүй дайн байлдаанд бэлдэх хээрийн сургууль болдог байжээ. Сэцэн хааны мөн Өлзийт хаан болов уу гэж таамагладаг хөдөө хээр нөхөд сэлтийн хамт шувуулж яваа хаадын хоёр уран зураг ноёдын чухам тэрхүү ангийн ахуй амьдралыг харуулсан 13-14 дүгээр зууны шилдэг хоёр бүтээл юм. Үзэсгэлэн энэ сарын 29-нд нээлтээ хийж, 14 хоногийн турш үргэлжилнэ.