УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.24/ хуралдаж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар нийт 689,432 хүн өвчилсөн бөгөөд 711,792 хүн эдгэрч 2,076 хүн эмнэлэгт, 3,900 эрүүл мэндийн байгууллагын хяналтад гэрээр эмчлэгдэж байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 96,1 хувь, 2-р тунгийн хамралт 91,7 хувь, 3- р тунгийн хамралт 45,9 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 69,6 хувь, 2-р тунгийн хамралт 66,4 хувь, 3-р тунгийн хамралт 26,1 хувьтай байна.
Коронавируст халдварын улмаас 1,978, бусад хавсарсан шалтгаанаар 131 хүн нас барсан байна.
Одоогоор олон улсад коронавируст халдварыг үүсгэгч вирусын Альфа, Бета, Гамма, Дельта, Омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусууд бүртгэгдсэнээс сүүлийн саруудад “Дөльта” хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай “Омикрон” хувилбар дэлхийн олон улс орнуудад хурдацтай тархаж байна.
Тус “Омикрон” хувилбар дэлхийн 104 улс оронд илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Их Британи Улсад 24,968, Дани Улсад 15,452, Өмнөд Африкт 1262, Норвеги Улсад 2060 бүртгэгдсэн байна. Эдгээр улсуудад өдөрт дунджаар 1500-10.000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Цаашид дээрх “Омикрон” хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсэж болзошгүй байна.
Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага-сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн эасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна хэмээн мэдээллээ.
Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
1 .Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
- Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурал шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.
Хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, бусад хуультай уялдуулан боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд Засгийн газар, бүх шатны Онцгой комиссын бүрэн эрхийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах хуулийн төслийг хамт боловсруулсан болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудадтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат нар төсвийн зарцуулалт, хяналт, түр томилгооны асуудал, иргэдийн амьжиргаа, банкны хөнгөлөлт, чөлөөлөлт, цахилгаан, дулааны чөлөөлөлтийн талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цар тахлын Омикрон шинэ хувилбарын үед дэлхийн бусад улсуудын адил шуурхай арга хэмжээ авч, хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай талаар, цар тахалтай холбоотой төсвийн зарцуулалт, ил тод байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, айл, өрхийн гэрэл, цахилгааны хөнгөлттэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хуулийн төслийг дэмжиж, төсвийн зарцуулалт, худалдан авалт, түр томилгоо зэрэг асуудлыг анхаарах, хариуцлага тооцох, төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсвийн зарцуулалтын эрхийг олгох, ипотекийн зээлийн хугацааг сунгах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн хугацааг сунгах нь хүн амын эрүүл мэнд, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой, цаашид халамжаас хөдөлмөрт шилжих, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, худалдан авах ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, орлого багатай иргэдийн тог, цахилгааныг хөнгөлөх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд түр томилгооны асуудалд анхаарах, аль болох түр томилгоо хийхгүй байх, Улсын Их Хурлаас шаардлагатай тохиолдолд хуулийн хэрэгжилт, явцад хяналт тавих боломжтой гэсэн саналуудыг гаргасан юм.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар газар дээр нь ажиллаж мэдээлэл авах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газарт ажиллах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан нар ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.