Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн талаар танилцуулав. Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.
Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжнуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. Төслийг санхүүжүүлэхэд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.