Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам барихаар болжээ. Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоолыг 2022-2023 онд бүрэн гүйцэтгэх аж.
Авто зам нь Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай байгуулсан байна. Гэрээний хүрээнд:
- Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлууд тус тус багтжээ.
Авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөжээ.