Хоёр хуваагдаад буй АН-ын С.Эрдэнэ даргатай тал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Дээд шүүх хуралдаад АН-ын нэрийг барьж, өөрийгөө дарга гэж өргөмжилсөн О.Цогтгэрэлийн материалыг хүлээж авч, бүртгэхээс татгалзсан.
АН-д аливаа хуваагдал байхгүй. Нэг л эрхзүйн бүртгэлтэй. Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
Цаашид аливаа хууль бус, эрхзүйн чадамжгүй этгээдүүд АН-ын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй.
АН-ын хувьд асуудлууд бий. Бид дотоод дүрэм, журамд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу намын дараагийн даргын сунгааг зохион байгуулж, Дээд шүүхэд гурван удаа өргөн барьсан.
Дээд шүүхээс хууль бус тайлбаруудыг бидэнд ирүүлж байсан. Танай нам дотоод асуудалтай учраас бүртгэх боломжгүй гэсэн. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудалд шүүхийн хянан шалгах ажиллагаа явуулах хуулийн чиг үүрэг байхгүй. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг гүйцэтгэдэг. Материалыг нь хангасан бол шууд бүртгэх ёстой. Тогтоолыг үндэслэж, УБЕГ бүртгэдэг. Гэтэл АН-ыг дотоод маргаантай байна гэж хяналтын үйл ажиллагааг удаа дараа явуулж байна. Дээд шүүх хууль дээдэх ёстой.
Өнөөдөр хууль ёсны бүртгэлтэй, АН-ын даргын бүртгэлтэй хүн бол С.Эрдэнэ. УБЕГ-т бүртгэлтэй хэвээр байгаа юм” гэлээ.