УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр /2021.12.23/ Улаанбаатар хотын дарга Б.Сумъяабазар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, “Улаанбаатарт жилд дунджаар Ховд хотын хүн амын тоотой ижил тоогоор өсч байна. Тиймээс импортыг зогсоохгүйгээр түгжрэлийг бууруулна гэвэл боломжгүй.
Хотын даац хоёр дахин нэмэгдсэн учир түгжрэл нэмэгдэхээс өөр аргагүй. Мянга зам бариад түгжрэлийг арилгахгүй учир тооцоололтой ажиллана гэж бид төлөвлөж байна.
Тал талуудын хүч оролцоотойгоор шийдвэрлэнэ. 100 сая долларын санхүүжилтээр зам бариад түгжрэл буурахгүй гэдгийг дахин хэлье. Дэлхийн банкны зээлийн эх үүсвэрийг төсөвт дарамт учруулахгүйгээр оруулж ирж байгаа юм. Зээл авахгүй бол түгжрэлд төсөвлөсөн 420 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй болчихоод байгаа юм. Түгжрэл бууруулахад хангалттай төсөв санхүүжилтээс гадна тооцоолол чухал байна” гэж мэдэгдэв.
Харин Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ахлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хэлэхдээ, “Ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна. Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсон” гэсэн юм.
1 comment
Долгорсүрэн зааны хүүдүүд яасан ч хүний мөсөөр тааруу залуучууд юм бэ дээ. Дээр асар их шуналтай. Гендээ ч байдаг юм болов уу? гэж бодогдох юм. Ийм хүмүүсээс ажлийн бүтээмж горьдох ч хэрэггүй. Зүгээр хотын даргийн албийг сольж, ажил хийж чаддаг хүн өгөх хэрэгтэй.