Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, ахмад дайчдын төлөөлөл оролцлоо. Байлдааны тугуудыг хүндэтгэлийн байранд залж, “Байлдааны туг гардуулах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаалыг уншин танилцуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нарт байлдааны туг, үнэмлэхийг гардуулан өгөв.
Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчинд Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал тус тус байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон төрлийн цэргийн Байлдааны тугийг Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа” гэжээ. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, амжилт, ололт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд Та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй бас эрхтэй” гэдгийг онцоллоо.