Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
НӨАТ-ын цуцалж буй баримтуудын ард худалдаа, үйлчилгээний салбарынхан байдаг – updown.mn

НӨАТ-ын цуцалж буй баримтуудын ард худалдаа, үйлчилгээний салбарынхан байдаг

НӨАТ-ын сугалааны арваннэгдүгээр сарын ээлжит тохирол энэ сарын 19-нд болж, 20 сая төгрөгийн азтан шалгарсан. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнгөрсөн аравдугаар сард олгосон. Дараагийн урамшууллыг хэзээ олгохоор төлөвлөж байна вэ?

-НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сард олгоно. Мөн журмын дагуу, нэг, хоёр, гуравдугаар улиралд баримт бүртгүүлээгүй, мэдээлэл зөрүүтэй зэрэг шалтгаанаар урамшууллаа аваагүй иргэдийн мэдээллийг өссөн дүнгээр нэгтгэсний дараа буцаан олголтыг нь ирэх оны хоёрдугаар сард олгоно.

НӨАТ-ын сугалааны супер азтаны шагналыг ямар шалгуураар олгох вэ. Шууд дансанд нь шилжүүлдэг үү?

-Сар бүр өмнөх сарын бүртгүүлсэн төлбөрийн баримтаар ирэх сарын сүүлийн долоо хоногийн Ням гариг бүр тогтмол сугалааны тохирол явуулдаг. Тиймээс e.barimt.mn системд бүртгэлтэй татвар төлөгчид төлбөрийн баримтаа ирэх сарын 7 хүртэл бүртгүүлэх ёстой. Сугалааны тохирлын тухайд, Сангийн сайдын баталсан журмын дагуу олон нийтэд нээлттэйгээр төрийн байгууллагуудын хяналт дор шууд телевизээр дамжуулдгийг та бүхэн мэднэ. Тохирол нь 1, 2, 3, 4, 5 дугаар зэрэгтэй. Журмын дагуу 500 мянган төгрөгөөс доош тохирол таарсан иргэд татварын албанд биечлэн очих шаардлагагүйгээр зааврын дагуу баталгаажуулах мессэжид хариу өгөх ёстой. Энэ дагуу 45 хоногийн дараа тухайн тохирол таарсан иргэний урамшуулал дансанд нь шилждэг. Хэрэв 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн азтан болсон иргэд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж татварын албанд баталгаажуулах ёстой.

Гэхдээ тухайн азтан болсон иргэний мэдээлэл банкин дахь харилцах дансны мэдээлэлтэйгээ /овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар/ таарах ёстой. Шаардлага хангаж байвал 45 хоногийн дараа дансанд нь мөнгө шилждэг.

Супер азтан болсон ч шаардлага хангаагүй, мөнгөө авч чадаагүй иргэд бий юу?

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон урамшуулал нь таны банкн дахь мэдээлэл болон и-баримт системд бүртгэлтэй мэдээлэл зөрүүтэй тохиолдолд дансанд нь мөнгө шилжихгүй. Банкны системийн шалгалтаар мэдээлэл зөрүүтэй бол урамшууллаа аваагүй иргэдэд заавар, мессэж илгээдэг. Гэхдээ мэдээллийг зассан даруйд л урамшуулал болон буцаан олголтын мөнгө дансанд нь шилжихгүй. Багагүй хугацаанд мэдээлэл нь зөрүүтэй иргэдийн мэдээллийг дахин нягтласны дараа л гүйлгээ хийгдэнэ.

НӨАТ-ын урамшуулал олгож эхэлснээс хойш хамгийн дээд шагналыг нь хожсон иргэн байсан уу?

-НӨАТ-ын хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш сугалааны тохирол болон тохирол явуулах журмын хэмжээ, холбогдох урамшуулал олгох журмыг Сангийн сайдын 333 дугаар тушаалаар баталсан. Уг журмаар тухайн жилийн сугалааны тохирлын дээд хэмжээг Сангийн сайд баталдаг. Иймд жил бүр тохирлын мөнгөн дүнгийн хэмжээ өөрчлөгддөг. Ерөнхийдөө хамгийн ихдээ 50 сая төгрөгийн супер азтан тодорч байсан. Үндсэн шагналын нэгдүгээр зэргийн азтан 20 сая төгрөгийн азтан болсон.

НӨАТ-ын буцаан олголт болон бусад урамшууллаа аваагүй иргэдийн хувьд “баримтын мэдээлэл зөрүүтэй” гэсэн шалтгаантай байдаг. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл хэр их гардаг вэ?

-Баримтын мэдээлэл зөрүүтэй бол тухайн хувь хүний хариуцлагатай холбоотой. Тухайн хүн овог нэр, регистрийн дугаар, банкны харилцах дансны дугаарыг өөрөө л засч харах эрхтэй болохоос татварын алба засахгүй. Иргэдийн зүгээс хувь хүний мэдээлэл зөрүүтэй байгаа тохиолдолд татварын алба буруутай юм шиг боддог нийтлэг хандлага бий. И-баримт аппликэйшнд хувийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлсэн ч банканд зөрүүтэй мэдээлэл бүртгүүлснээс “мэдээлэл зөрүүтэй” гарч байгаа юм. Тиймээс биш татварын алба тухайн хүний мэдээллийг зөрүүтэй байна гэж тодорхойлохгүй. Бидэнд хувь хүний мэдээлэл нууцын зэрэгт хаалттай байдаг. Ерөнхийдөө хүмүүс өнөөдөр л азтан болсон маргааш нь мөнгөө авна, яагаад мөнгө орохгүй байна вэ гэдэг асуудлыг ярьдаг.Мөн өмнөх сарын буцаан олголт дансанд шилжсэнгүй гэх гомдол ч цөөнгүй. Шалгаж үзэхэд, тухайн хүн “мэдээллийн зөрүүтэй” гэх шалтгаанаар урамшуулал нь олгогдоогүй байдаг. Аль эсвэл өөрийнх нь дансанд шилжүүлсэн буцаан олголтыг хэрэглэчхээд дараа нь мөнгө олгоогүй гэж гомдол мэдүүлдэг.

Нөгөө талд, татварын алба эрсдэлтэй гэж үзсэн бол төлбөрийн баримтад хасалт хийнэ. Учир нь хувь хүн тухайн сарын хэрэглээнээсээ хэт өндөр хэрэглээтэй, олон төрлийн төлбөрийн баримт бүртгүүлсэн асуудал маш их гардаг. Жишээ нь, эмийн санч иргэдэд олгох ёстой төлбөрийн баримтыг өөрөө бүртгүүлдэг. Гэтэл тухайн хүний сарын эмийн хэрэглээний стандарт гэж бий. Тэгэхээр өндөр үнийн дүнтэй, зөрүүтэй баримт бүртгэгдсэн бол бид эрсдэлийн шалгуураар хаана. Харин шалгуур үзүүлэлтээр хасагдсан иргэдийн хувьд, миний төлбөрийг баримтыг яагаад цуцлав, урамшууллаа авах ёстой гэсэн өргөдөл маш их өгдөг. Үүнд бид НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1,2-т заасны дагуу шаардлага хангаагүй тул баримтыг цуцалсан гэсэн тайлбар өгч ойлголцолд хүрдэг. Мөн хувийн хэрэглээнээсээ давсан сүлжээний бизнес эрхлэгчид байна. Хувь хүн 130 сая төгрөгийн төлбөрийн баримт бүртгүүлдэг атал худалдан авах хэрэглээний дүн нь долоон сая орчим болж байгаа юм.

Гэтэл тухайн хүн сүлжээний бүтээгдэхүүнийг нэг сард хэр их хэмжээгээр хэрэглэх вэ гэдгийг бид холбогдох төрийн байгууллагуудаас тодруулж хянадаг. Үүний дараа татвар төлөгчид хариу өгдөг.

Баримт нь цуцлагдсан иргэдийн тухайд худалдаа, үйлчилгээний салбарынх нийтлэг болов уу?

-НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтод 145.5 тэрбумыг 3.3 сая иргэнд олгосон. Одоогоор 29600 хүний 340 сая төгрөгийг олгоогүй. Энэ нь цуцлагдсан болон мэдээлэл нь зөрүүтэй, хүлээгдэж буй дүнгүүд байна. Мөн НӨАТ-ын 14.8 тэрбумын урамшуулал олгох ёстой. Үүнээс 293.700 хүнд 12.8 тэрбумын урамшуулал олгосон. Үлдсэн нь мөн л мэдээлэл зөрүүтэй, хүлээгдэж буй дүнгүүд байна гэсэн үг. Ерөнхийдөө татварын албанаас шаардлага хангаагүй цуцалж буй баримтуудад худалдаа, үйлчилгээний салбарынхан байдаг. Тиймээс биш бидний энгийн хэрэглээнд худалдан авсан баримтууд хэзээ ч эрсдэлийн шалгуураар цуцлагдахгүй. Жишээ нь, шатахуун түгээх станцаас өдөрт хоёр удаа шатахуун авч, баримт авлаа гэхэд нэг сард дунджаар 100 баримт бүртгүүлнэ. Гэтэл нэг сард 500 баримт бүртгүүлсэн бол хэрэглээнээс давсан зардал учраас шууд цуцлагдана.

Дараа нь бид цуцалсан баримтыг дахин нягтлахад тухайн худалдааны төвийн ажилчин, сүлжээний бизнес эрхлэгч зэрэг хүмүүс цуцлагдсан баримтаа өөр хүнээр бүртгүүлдэг. Борлуулагчийн регистрийн дугаараар төлбөрийн баримтыг нь хянаж, харилцаа хамаарлыг судлахад тухайн цуцлагдсан баримтыг бүртгүүлсэн хүний гэр бүл, найз нөхөд нь байдаг. Ийм байдлаар хүмүүсийн арга нарийсахын хэрээр бид ч бас хяналтаа чангаруулж байна. Өмнө нь тухайн байгууллагын зөвхөн ажилтанд эрсдэлийн шалгуур тогтоодог байсан бол одоо харилцаа холбоотой хамаарал бүхий хүмүүст ч бас шалгуур тогтоож, системд хаалт хийх болсон.

Эх сурвалж: 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн