Солонгос улсад 13 настай монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудал өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ хэргийг яаралтай шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс арга хэмжээ авч ажиллаж байгаа гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл хэргийн явц болон шийдвэрлэлт ямар шатанд явж байгаа талаар тодрууллаа.
ГХЯ: БНСУ-Д СУУГАА ЭЛЧИНГ ТАТАХ АЛБАН МЭДЭГДЛИЙГ САЙД ГАРГАСАН
Хүчирхийлэлд өртсөн монгол охины эрхийг хамгаалж, хуулийн дагуу арга хэмжээ авахад анхаарахаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Гадаад харилцааны яам тус хэргийн талаар мэдээлэл анх аваагүй байсан ч холбогдох бүх газруудтай харилцаж байгаа. Өмнөд Солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн зөвшилцөж байна. Ямартай ч БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болоод тус улсын Бусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эргүүлэн татах шийдвэрийг сайд гаргасан. Тэрхүү албан мэдэгдлийн хариу одоогоор гараагүй. Ямартай ч сайдын шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд арванхоёрдугаар сарын 10-нд хүргүүлсэн. Одоогоор албажсан шийдвэр байхгүй. Тэгэхээр элчин болоод консултай холбоотой асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газраас асуух нь зүйтэй. Тус хэргийн тухайд Гадаад харилцааны яам төдийгүй холбогдох алба бүр анхаарч ажиллаж байгаа гэх тайлбарыг өгөв.
Харин ГХЯ-наас гаргасан шийдвэрийн хариуг ерөнхийлөгч баталсан эсэх талаар тодруулахад “Албан мэдэгдлийн хариу гараагүй байна. Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учраас тамгын газар дээр ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Боловсруулах, шийдвэрлэх шатанд явж байгаа байх. Түүнээс зарлиг гаргасан даруйд бид олон нийтэд мэдээлнэ” гэлээ.
Холбогдох албан тушаалтанд тооцох хариуцлага одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Хэргийг шалгах явц болон охины сэтгэлзүй ямар байгаа талаар Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагатай холбогдоход “Хэргийг шийдвэрлэх ажиллагаа ганц өдрийн дотор хийгдэхгүй. Ямар ч байсан цагдаагийн алба хаагчдын хэргийг шалгах явц сайжирсан. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж олон мянган хүн нэгдсэн. Элчингээс болон холбогдох газраас өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр ярилцаж байгаа. Сайн өмгөөлөгч авахын тулд нэгдсэн нийт хүмүүстээ баярлалаа. Охины биеийн байдал болоод сэтгэлзүй дээрдсэн гэхэд хүндрэлтэй байна. Бидний зүгээс болон Өмнөд Солонгост буй монголчууд, оюутнууд нэгдэж тайван жагсаал ч зохион байгуулсан” гэсэн юм. Элчинд хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлэх хүмүүс нь л мэдэх байх. Бидний зүгээс хэргийг яаралтай шийдвэрлэхэд л анхаарч байна гэх тайлбарыг өглөө.