Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар өссөн нь өнгөрсөн сард төгрөгийн харилцах 57.2 хувиар, төгрөгийн хадгаламж 20.1 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Энэ онд мөнгөний нийлүүлэлт тогтмол 20-иос дээш хувиар өссөн ч арваннэгдүгээр сараас өсөлт нь саарч эхэлжээ.
Банкны системийн зээлийн өрийн үлдэгдэл мөн сарын эцэст 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өссөн байна. Хэвийн зээлийн үлдэгдэл нийт зээлийн 85.2 хувийг эзэлж байгаа аж.
Төгрөгийн хадгаламж энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 46.1 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (20.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Төгрөгийн хадгаламжийн 88.7 хувь (13.3 их наяд төгрөг) нь иргэдийн, 11.3 хувь (1.7 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 81.5 (2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 707.8 (14.8 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.