Улсын дээд шүүх өнөөдөр нийт шүүгчийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүх өнгөрсөн хаврын чуулганаар Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулсан. Харин одоо 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг чөлөөлөх шаардлага үүссэн учраас түүний орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь дуусах болоогүй ч 65 нас хүрч тэтгэвэрт гарах цаг нь болжээ. Тиймээс Улсын дээд шүүх энэ сарын 8-15-ны хооронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Энэ хугацаанд дараах хоёр нэр дэвшигч материалаа ирүүлсэн байна.
д/д | Овог, нэр | Төгссөн сургууль | Ажилласан байдал |
1 | Энхээгийн
Батбаяр |
МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Кубаны Улсын Их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | “Түшээ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Улсын Их Хурлын Тамгын газарт гишүүний зөвлөх, ШШГЕГ-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, дарга |
2 | Володягийн
Оюумаа |
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн |
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг чөлөөлж түүний оронд шалгарсан нэр дэвшигчийг томилсны дараа Цэцийн гишүүд даргаа шинээр сонгох юм байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургаадугаар зүйлд Цэцийн дарга, түүний эрх хэмжээг дараах байдлаар заасан байдаг юм.
- Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
- Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
- Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
- Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
- Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
- Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.