Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовнатай уулзаж, хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр үзэглэсэн байна.
Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгаж хоёр талын хөгжим, театр, бүжиг, тэр дундаа балетын урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохирчээ.
Мөн дүрслэх урлагийн, номын сангийн, музейн, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчин, мөн салбарт бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг дэмжих зэрэг асуудлыг хамтран ажиллах хөтөлбөрт тусгасан юм.
Ингэснээр хоёр улсын Соёлын яамны харьяа “Чингис хаан” музей, “Эрмитаж” музей, хоёр улсын номын сангууд зэрэг байгууллагууд хоорондоо хөндлөнгийн шат дамжлагагүйгээр шууд харилцах, яам хооронд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг тухай бүрд шийдвэрлэх боломжтой болж байна.
Уулзалтад, ОХУ-ын талаас Соёлын орлогч сайд А.Ю.Манилова, Музей, гадаад харилцааны газрын Олон улсын соёлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.А.Кузнецов, тус хэлтсийн зөвлөх И.В.Мулин нар оролцжээ.
Эх сурвалж: Соёлын яам