Афганистаныг Засгийн эрхийг гартаа авсан Талибан бүлэглэл тус улсын их дээд сургуулиудын үйл ажиллагааг дахин нээхээ амласан байна.
Талибуудын Засгийн газрын Улс төрийн асуудал эрхэлсэн дэд сайд Мавлави Абдул Кабир энэ сарын 14-нд тус улсын их, дээд сургуулийн багш нартай хийсэн уулзалт дээр дээд боловсролын байгууллагуудын хувь заяаны асуудлыг хэлэлцсэн байна.
Кабир энэ үеэр багш нарын санал, хүслийг харгалзан үзэж, ойрын хугацаанд бүх улсын их дээд сургуулиуд нээгдэж, шинжлэх ухааны боловсон хүчнийг гадагшаа дүрвэхээс урьдчилан сэргийлэх бодит ажлыг эхлүүлнэ хэмээн амлажээ.
Мөн Афганистаны Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангатгахын тулд “мөнгө хүүлэгчид”-тэй уулзсан байна. Энэ үеэр Афганистаны Төв банкныхан Афганистаны мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханшийн уналтаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээг танилцуулсан гэж тус банкны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.