Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтуховтой 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо уулзалт хийлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг урьдчилан тооцоолж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар түүний сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө хамтран ажиллах саналтай байгааг Оросын талд илэрхийлэв.
Тэрбээр “Эрдэнэт” ТӨҮГ-ын “Засварын механикийн завод”-ын өргөтгөл, тус үйлдвэрт түшиглэн байгуулах “Үйлдвэр технологийн парк” зэрэг төсөл, хөтөлбөрийг Оросын орчин үеийн техник, технологийн оролцоотойгоор хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байна гэж мэдэгдлээ.
Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хэрэгцээнд нэн шаардлагатай азот, азотын нийлмэл бордоо, цианитийн нийлүүлэлтэд сүүлийн үед гарч байгаа доголдлыг арилгахад анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авч байгаа Оросын Аж үйлдвэр худалдааны яаманд талархал илэрхийлж, эрэлт, нийлүүлэлтийг цаашид жигдрүүлэх талаар нээлттэй яриа өрнүүлж, санал солилцов.
Мөн түүнчлэн ирэх жилийн 7 дугаар сард ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулагдах Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ-22” үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг идэвхтэй сурталчлах, борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжийг хамтран судлахаар тохиров.
Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ