ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд болж байна.
Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцсон байна. Өчигдрийн чуулганаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172 мянган ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав. Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм.