НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалтад хамруулж байна. Тус уулзалт, сургалтыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж буй юм.
Уг сургалт нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнд хяналт, шинжилгээ хийх, худалдан авалт, хөрөнгө оруулалтын цахим системүүдийг хөгжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой.
НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “2022 оноос эхлэн Улаанбаатар хотод төсөв, санхүүгийн хувьд шинэчлэл хийж байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хотод хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг холбогдох хууль, журмын дагуу иргэдэд тогтмол, нээлттэй мэдээлэх, худалдан авах ажиллагааг цахим системийн тусламжтайгаар зохион байгуулахад анхаарах үүрэг өгсөн.
Өнөөдрийн уулзалт, сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, open.ulaanbaatar.mn, tender.gov.mn зэрэг системийг хэрхэн хөтлөх вэ, төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулах вэ, түүний үр дүн гүйцэтгэлд иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангах вэ гэх мэт цогц мэдээллийг олгоно.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалтын ажлыг цаг алдалгүй явуулан, тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн байхын тулд өнөөдрийн уулзалт, сургалт чухал үүрэгтэй” гэв.
Албан хаагчдад “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт”, “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” болон “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ба худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” сэдвээр илтгэл тавив.
“Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Нийслэлд газартай холбоотой асуудал их гардаг. Газрын бэлтгэл ажлыг хангах, чөлөөлөх ажлыг өвлийн улиралд яаралтай хийх шаардлагатай.
Мөн тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хугацааг нь зөв тооцоолох, хуулийн хугацаандаа багтаах, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг хуульд нийцүүлэн ил тод мэдээлэх ёстой. Тендерт оролцогчдоос шаардах материалыг цөөлөх, төрд байгаа мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна” хэмээсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС