2022 оны төсвийн төсөлтэй хамт Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөлд зааснаар ирэх онд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулж, гэрээт байдлаар ажиллуулахаар болсон юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ.
МҮЭХ “Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 гэсэн ангиллаар цалинждаг хүмүүсийг гэрээт ажилтан болгох тухай ярьж байгаа нь эдгээр иргэдийн нийгмийн хамгааллыг дордуулах нөхцөл үүсгэж байна. Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа алба хаагчид улс орон даяар эсэргүүцэж байна. Энэ салбарт ажиллаж буй хүний олонх нь 40-өөс дээш насных. Цалингийн хувьд 450-550 мянган төгрөгийн хооронд байдаг. Эдгээр хүмүүс тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаараад 2-12 хүртэлх нэг удаагийн тэтгэмж авна гэх хүлээлттэй ажилладаг. Ийм шалтгаантай 50 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байна. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа ажилчдын эрх ашгийн төлөөлөн хамгаалдаг үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Тиймээс бид эсэргүүцлээ илэрхийлж байна. Улмаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Өмнө нь санал шаардлага хүргүүлсэн ч албан ёсны хариу нь өнөөдрийг хүртэл ирээгүй. Хэрэв шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ уламжилж байна” гэлээ.