Энэ оны 9-р сард iPhone утасны шинэ загвараа танилцуулсан Apple компани үйлдвэрлэлийн зорилт биелэж чадаагүй учраас, нийлүүлэлтэнд хүндрэл үүсч олон тэрбум долларын орлогоо алдаж эхэлжээ. Тиймээс олон орны хэрэглэгчид Зул сарын баяраар Apple-ийн төхөөрөмжийг худалдаж авах боломжгүй болж эхэлжээ.
Баярын өмнөхөн iPhone болон Apple-ийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хойшлогдож, нийлүүлэлтэнд хүндрэл гарч, эмх замбараагүй байдал үүсч байгааг дэлхийн даяар хэрэглэгчтэй компаниудад тулгарч буй хүнд сорилтуудын тод жишээ болж байна хэмээн Японы Nikkei сонин бичжээ.
COVID-19 тахлын улмаас бизнес хаагдсан, ложистикийн хүндрэл үүсч, цахилгаан тасалдаж байгаа зэрэг нь орчин үеийн аж үйлдвэрийн салбарын гол тулгуур болсон даяаршсан үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөө үзүүлж байгаа юм.
Сүүлийн үед Хятад дахь iPhone, iPad-ийн угсралтууд 24 цагийн турш ажиллах горимд шилжсэн ч цахилгаан хангамжийн асуудлаас эд ангиудын хомсдол үүсч байгааг Nikkei тэмдэглэжээ.
Япон дахь эх сурвалжийн мэдээлснээр Apple компани бүх хүчин чармайлтаа дайчлан ажилласан ч 9, 10-р сард iPhone 13 ухаалаг гар утасны үйлдвэрлэл нь төлөвлөсөн хэмжээнээс 20% доогуур байсныг дурдсан байна.
Тиймээс Apple компани 2021 оны үйлдвэрлэлийн зорилтоо бууруулахаас өөр аргагүйд хүрчээ.