“Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйлс” хэлэлцүүлэг маргааш ЭХЭМҮТ-д болно. Хэлэлцүүлэг 12 дугаар сарын 16-ны 10-12 цагийн хооронд болно. Анх удаа болж байгаа энэ хэлэлцүүлэгт нь төрийн болон ТББ, оюутан, иргэдийн дунд өрнөж буйгаараа онцлогтой бөгөөд эхийн эндэгдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах, хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ.Эхийн эндэгдлийг бууруулахад бүх байгууллагын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хамт олон, иргэд харилцан уялдаатай ажиллаж байж тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (2017-2026)-ыг 2017 онд батлаж 2020 онд эхийн эндэгдлийн харьцааг 100000 амьд төрөлтөд 25 болгож бууруулахаар заасан ба 2019 онд эхийн эндэгдлийн харьцаа 23.0 болж Монгол улс “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд хүрсэн.
Монгол улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буураад байгаа юм.
2016-2019 онд эмнэлэгт эндсэн эхийн багагүй хувь нь биеийн байдал хүнд, маш хүнд үед эмнэлэгт хандсан нь иргэд жирэмсэн үеийн аюултай шинж тэмдэг, эмнэлгийн тусламж хайх мэдлэг сул байгааг харуулж байна. Иргэдэд жирэмсэн, төрөх, төрсний дараах үед илрэх аюултай шинж тэмдгийг ойлгуулах, эмнэлгийн тусламж хайх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгааг тасралтгүй хийжиргэдийн мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх. Амьжиргааны түвшин доогуур нийгмийн эмзэг хэсгийн хүн амыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд жигд хамруулан хүчирхийлэлд өртөгсдөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх. Зорилтот бүлгийн, өндөр эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалтгүй хамрагдаж байна.
Эх хүн хүүхэд төрүүлснээс хойш 2-3 жилийн дараа, 20-35 насандаа жирэмсэлж хүүхэд төрүүлэх нь эх, хүүхдийн биеийн байдалд эерэгээр нөлөөлдөг болохыг ойлгон төрөлт хоорондын зайгаа зөв зохицуулж, гэр бүлээ зөв төлөвлөх нь зүйтэй.
Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж жирэмслэхээс өмнө, жирэмсний эхний саруудад эмчийн үзлэгт хамрагдан өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчлүүлэх нь эх, хүүхэд эндэхээс сэргийлнэ.