Нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Энэ үеэр шимтгэл төлсөн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын цалингийн мэдээллийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хүргэв.
НДШ төлөлтийн тайланд 2021 оны гуравдугаар улиралд 46 мянган ААН-ийн 712.5 мянган ажиллагч хамрагджээ. Тус ажилчдын сарын дундаж цалин 2021 оны гуравдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр буюу 5.2 хувиар өсжээ.
Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-тоо өмнөх оны мөн үеэс 1.7 мянгаар буюу 3.9 хувь, өмнөх улирлаас 492-оор буюу 1.1 хувь өсжээ. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 1469 мянгаар буюу 2.1 хувь, өмнөх улирлаас 14.3 мянгаар буюу хоёр хувиар өссөн.
Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү нэмэгдсээр байгаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийн дундаж цалин 1.5 сая төгрөг байхад эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оны дөрөвдүгээр улирлаас 53.7 хувь нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 12.9 хувиар нэмэгджээ.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 2.3 дахин их байна.
Харин зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 890.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1.5 дахин бага байна.
Түүнчлэн ААНБ-ын ажиллагчдын тоо нэмэгдэх тусам цалин нь өсдөг. Тухайлбал,
- 1-9 ажиллагчтай байгууллагын цалин 857 мянган төгрөг
- 10-49 ажиллагчтай байгууллагынх 1.1 сая,
- 50-99 ажиллагчтай байгууллагынх 1.2 сая
- 100-199 ажиллагчтай байгууллагынх 1.3 сая
- 200 ба түүнээс дээш ажиллагчтай байгууллагынх 1.9 сая төгрөг байна” гэлээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=1252232955348352″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]