Гудамжны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох Бэнкси өмнө нь хорих байгууллага байсан Редингийн барилгыг худалдан авч, урлагийн төв болгон өөрчлөх санаатай байгаагаа мэдэгджээ. Тэрээр Рединг хотын зөвлөлтэй хамтран 12.6 сая орчим фунт стерлингээр тус шоронг худалдаж авахыг төлөвлөж байгаа гэнэ.
Сонирхуулахад, энэ оны гуравдугаар сард Бэнкси тус шоронгийн ханан дээр даавуугаар олс хийгээд оргож буй хоригдлыг дүрсэлсэн юм. Мөн олсны доод талд нь бичгийн машин уяастай байгаагаар дүрслэгдсэн нь уг граффитиг 1895-1897 оны хооронд эр хүнтэй хайрын харьцаа үүсгэсэн хэргээр Редингийн шоронд ял эдэлж байсан яруу найрагч Оскар Уайлдад зориулсан хэмээн хэвлэлүүд таамаглаж байгаа билээ.
“Хотын төвд 500 метрийн урттай төдийгүй ханануудыг будгаар будах ихэд шаардлагатай байгаа барилга тэр бүр харагддаггүй. Тийм ч учраас тус барилгыг ойроос харахын тулд би бараг л дэргэд байсан хүний дээгүүр авирч гарсан юм. Анх яг ямар газар очсоноо ойлгоогүй байхдаа би энэ хананд заавал ямар нэгэн зүйл зурна гэж өөртөө амласан. Тиймээс одоо би энэ газрын том шүтэн бишрэгч болсон юм. Мөн Оскар Уайлд бол ид шидийн зүйлийг бүтээхийн тулд эсрэг тэсрэг зүйлсийг хослуулж чаддаг байсан биднийг хамгаалагч сахиусан тэнгэр юм. Түүний амьдралыг сүйтгэсэн уг газрыг урлагийн төв болгох санаа үнэхээр гайхалтай санагдаж байгаа тул бид тус ажлыг заавал бүтээх ёстой” хэмээн Бэнкси хэлжээ.
Жүди Денч, Кейт Уинслет, Натали Дормер, Кеннет Брана зэрэг жүжигчид Редингийн шоронг соёлын төв болгох санааг дэмжсэн байна. Редингийн шорон нь 19-р зуунд баригдсан бөгөөд 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулахаа больсон юм.