БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн аравдугаар сарын дунд үеэс Замын-Үүдийн боомт хаагдаж, монголчууд Эрээнээс импортоор оруулж ирэх байсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж байна. Хятадын тал цар тахлын халдвартай холбогдуулан Эрээнд тогтоосон хөл хориогоо сулруулж, хотын хөдөлгөөнийг бүрэн нээсэн ч монгол иргэд хүлээгдэж байгаа бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй хоёр сарын нүүр үзэв.
Өмнөд хөрш манай талд ачаа бараа шилжүүлэн ачих дундын бүс байгуулах саналыг тавьж, 50 орчим чингэлэгийн багтаамжтай бүсийг хоёр улсын хилийн дунд нээж, энэ сарын 8-нд туршилтаар хоёр чингэлэг оруулж ирсэн тухайгаа Зам, тээврийн хөгжлийн сайд мэдэгдэж байсан юм.
Энэ өдрөөс хойш тав хоног өнгөрсөн ч ажил урагшилсангүй. Ачаа, бараа шилжлүүлэн ачих дундын бүс, 0 цэг нээгдлээ, дахин хаагдлаа гэсэн мэдээ олон нийтийн сүлжээнд үргэлжилж, Эрээнээс бараа татдаг наймаачид, компаниуд, өвлийн хувцасаа захьсан иргэдийн дунд бухимдал үүсээд байна.
БНХАУ Эрээнд гарсан халдварыг Монгол Улсаас орж ирсэн хэмээн үзэж байгаагаа анхнаасаа нуугаагүй. Энэ мэдэгдэл болон Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа, бараан дээр барьж буй бодлого нь шууд утгаараа Монголын тал хил гаалийн нөхцлөө сайжруул, халдвар тарахгүй байх боломжийг бүрдүүл гэсэн үг байв.
Гэвч монголчууд өнөөх л алмай зангаараа бэлтгэл хангасангүй юу эсвэл Гадаад харилцааны болон Зам тээврийн хөгжлийн яамныхан зохион байгуулалт муутай ажиллаад байна уу. Хятадын тал өчигдөр дахин шаардлага тавьж, хилээр ачаа нэвтрэх ажиллагаа дахин саатав.
Бээжингийн төрийн зөвлөлөөс Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд хатуу хяналт тавьж зохион байгуулалтын ажлаа сайжруул гэснээс гадна аюулгүй байдлаа дахин нягтлах үүрэг өгчээ. Мөн хятад жолооч нарын тусгаарлах байр болон зөвхөн тэдэнд зориулсан шатахуун түгээр станц барих ажлыг эхлүүлэх гэнэ.
Гурав дахь шалгуур шаардлагад Монгол жолооч нар дундын бүс рүү нэвтэрсэн учраас халдваргүйжүүлэлт, хадварын эрсдлийн анализ хийх ажил багтаж байгаа юм байна.
Үүсээд байгаа нөхцөл байдал иргэд болон аж ахуйн нэгжүүд Эрээнээс бараагаа татан авах цаг хугацаа ахиад тодорхойгүй хугацаагаар хойшилж магадгүй харуулж байна.
Д.ЖАРГАЛАН