Улсын хэмжээнд 2017-2021 оныг хүртэлх сүүлийн таван жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 157558 зөрчил илэрчээ. Үүнээс зам тээврийн осол гаргасан 4985 дуудлага бүртгэгдэж, 588 хүн амь насаа алдсан статистикийг Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар танилцуулав.
Иймд тус албанаас шинэ жилийн баярыг угтан “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд эхлүүлэв.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2020-2021 онд коронавирусний дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоож автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг хумьсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буураагүй байна.
Тухайлбал 2020 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1004 зөрчил, 2021 оны эхний 11 сард 1312 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 96 хүн амь насаа алдсан статистик байна.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх, найз нөхдөө өөгшүүлэн дэмжихгүй байх, байгууллагын ажилчдаа шинэ жилийн баярт нь нэгдсэн унаагаар хүргэж өгч, аван болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэхийг ТЦА-наас уриаллаа.