Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр омикрон хувилбарын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Гурван тун вакцинтай иргэд омикрон хувилбараар өвдөх магадлал бага байна гэдгийг Файзер компани мэдээлсэн. Дэлхийн улс орнууд омикрон хувилбарын эсрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, АНУ 18-аас дээш насны бүх иргэнийг гуравдугаар тунд хамруулахаар ажиллаж байгаа. Манай улсын хувьд нэмэлт тунгийн хамрагдал халдварын тохиолдлын тоог бууруулсан. Тиймээс гуравдахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байна. Дэлхийн улс орнуудад сарын дараа омикрон хувилбарын давлагаа үүсэх эрсдэлийн тооцоолол байгаа. Одоогийн байдлаар хөрш улсуудад Омикрон хувилбар илэрсэн ч Монгол Улсад илрээгүй. Гэвч эрсдэл ойр байгаа учраас иргэд халдвар бүртгэгдсэн улс орнууд руу зорчихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.