АНУ болон Монгол Улсын хооронд 2020 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан Хүүхэд хамгааллын компакт гэрээний (ХХКГ) түншлэлийн хүрээнд ололт амжилтаа хуваалцаж, зорилгодоо хүрэх, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хоёр улсын холбогдох албаны хүмүүс болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран виртуал яриа хэлэлцээ хийлээ.
Хоёр талт яриа хэлэлцээгээр ХХКГ-ний түншлэлийн зорилт болох хүүхэд худалдаалагчдыг баривчилж зохих ёсоор яллаж шийтгэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх, эдгээр гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд гэмтэлд суурилсан, хохирогч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлж, Монгол Улсад хүүхэд худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар оролцогчид болон түнш байгууллагуудад эхний жилд тулгарсан ололт амжилт, сорилтын талаар ярилцав.
Энэхүү түншлэлийн хүрээнд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийг нэн тэргүүний зорилт болгох үүрэг амлалт өгсөн бөгөөд хүний наймааны хохирогчдыг хамгаалах байранд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх, хохирогч төвтэй мөрдөн байцаалт, яллах ажиллагааг сайжруулах, мөн хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, хамгаалах, гэмт хэргийг мөрдөн байцааж хэрэгтнийг яллах үйл ажиллагаатай холбоотой байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор салбар дундын хамтарсан баг байгуулсан юм.
2020 онд АНУ-ын Засгийн газар ХХКГ-ний түншлэлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн зөн, Азийн сан болон дотоодын түншүүд болох Монгол дахь Хүйсийн тэгш эрхийн төв, Талита Ази, Хөөрхөн Зүрх, Анбаунд Монгол зэрэг байгууллагуудад таван сая ам.долларын гадаадын тусламжийн хөрөнгө оруулалт хийсэн билээ. Хэлэлцүүлгийн үеэр доктор Жонстоун түншлэлийг дэмжих үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд АНУ-ын зүгээс дээрх түншлэлд 500.000 ам.долларын нэмэлт тусламж саяхан үзүүлснийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын элчин сайд